Miss Mongolia" наадам уржигдар үдэш УДЭТ-т боллоо. Энэхүү наадмын тэргүүн миссээр 20 настай бүсгүй тодорсон юм. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн франц хэлний гуравдугаар ангид суралцдаг юм байна. Түүнтэй ярилцлаа.Тэмцээнд орохоор хэдийнээс бэлтгэв?-Би миссийн тэмцээнд анх удаа оролцож байгаа нь энэ л дээ. Гэхдээ загвар өмсөөд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд өөрийгөө бэлтгэсэн гэж бодож байгаа. Солонгост загварын сургалтад сар гаруй хугацаанд суралцаад ирсэн. Тэгээд иртэл "Мисс Монголиа" наадам болох тухай зар гараад эхэлчихсэн байлаа. Тиймээс аав, ээжтэйгээ ярилцан зөвлөж байгаад энэ наадамд оролцохоор шийдсэн юм. "Мисс Монголиа"-гийн бэлтгэл бол сарын өмнөөс эхэлсэн.
-Төгсгөлийн шалгаруулалт өчигдөр болсон. Энд өөрийнхөөрөө байж чадав уу?-Чадсан. Тэмцээн ч их гоё болсон. Бүтэн сар бэлтгэсэн хөдөлмөрийнхөө үр дүнг үзлээ. Дуу, бүжиг гээд чадах бүхнээ үзэгчдэд харуулсан. Надтай хамт энэ тэмцээнд оролцсон 21 охин бүгд миний өрсөлдөгч байсан. Мөн бүгд гоё цоглог байж чадсан. Гэхдээ эднээс ялгарч гарсандаа баяртай байгаа. Эмэгтэй хүний зөвхөн гадаад гоо сайхан биш дотоод гоо үзэмжийнх нь сайхныг харгалзан гоо бүсгүйг шалгаруулсан. Наадамд оролцох бэлтгэл сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд бидний хийж байгаа үйлдэл, хүнтэй харьцаж байгаа харьцаа бүхнийг шүүж байсан. Хэн нь цаг барьж, бэлтгэлээ таслахгүй ирж байна гэдгийг шүүж оноо өгч байсан юм билээ. Би тэр болгонд бусдаасаа давуу байсан учраас тэргүүн байрт орсон гэж бодож байгаа.
-Энэ наадамд түрүүлсэн гоо бүсгүй олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхтэй байх аа. Энэ наадам хаана, хэзээ болох билээ?-Өнөөдрөөс эхлээд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Гэхдээ олон улсын наадам хаана, хэзээ болохыг мэдэж амжаагүй. Өнөө маргаашаас зохион байгуулагчидтай уулзаж наадмынхаа талаар сайн ярилцана. Ямар ч байсан Монголынхоо нэрийг гаргана гэж бодож байна.
-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавих болов. Одоо аль агентлагт харьяалагдаж байна?-Би өөрийн төгссөн сургууль болох арван жилийн 45 дугаар дунд сургуулийн тайзнаа анх загвар өмсч гарч байсан. Тайзан дээр хэрхэн алхадгийг зурагтаар харж сураад түүнийгээ сургуулийнхандаа харуулахаар тайз засаад алхаж байлаа. Би уг нь дунд сургуульд байхдаа их ичимхий охин байсан ч тэр үед зориглож чадсан юм. Дараа нь "Үнсгэлжин" наадамд оролцож шагнал авсан нь урам өгсөн. Тэр үед манай том Сэлэнгээ багш надад загвар өмсөгч болох санал тавьж байсан. Ингээд "Шилмэл загвар" компанийн загварын дамжаанд суралцаж төгсөөд эднийхтэй гэрээ байгуулсан. Одоо Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгчөөр ажиллаж байна.
-Солонгост загварын сургуульд суралцаж байсан гэсэн. Тэндхийн загвар өмсөгчид Монголынхоос юугаараа ялгаатай байна?-Солонгосын моделиуд манай загвар өмсөгчдөөс биеийн хувьд харьцангуй өндөр. Их туранхай байдаг юм билээ. Тухайлбал, 178 см мөртөө 48 кг жинтэй байх жишээтэй. Энэ нь эдний загвар өмсөгчдийн биеийн стандарт гэсэн.
-Энэ стандартад өөрийн чинь биеийн харьцаа, өндөр тохирч байсан уу?-Ер нь боломжийн. Тохирох юм билээ. Солонгос загвар өмсөгчдийн дэргэд би бол нэг их өндөр бас намхан нуруутайд ч тооцогдохгүй. Миний биеийн харьцаа 84.61.90.
-
Миссийн тэмцээнд оролцоход зардал их шаардагддаг байх. Загвар өмсөгч болон сайхан бүсгүйчүүдийг хэн нэгэн бизнесмений ивээлд багтдаг гэх яриа бий?-Энэ бол хувь хүний өөрийнх нь ухамсраас л шалтгаална. Загвар өмсөгчдөд бизнесмен хүмүүс зүгээр ажлын санал тавих тохиолдол байдаг. Үүнийг буруугаар ойлгож иймэрхүү яриа гардаг байх аа. Одоогоор надад ийм санал ирээгүй. Миний ивээн тэтгэгч манай аав ээж хоёр. Аав, ээж хоёр надад их тусалдаг. Тэмцээнд оролцох шаардлагатай мөнгө төгрөгийг энэ хоёр маань гаргадаг.
-Аав, ээж чинь ямар ажил эрхэлдэг вэ?-Хувиараа бизнес эрхэлдэг. Би нэг ахтай. Гэртээ дөрвүүлээ амьдарч байна. Өчигдөр тэргүүн миссээр тодроод шагналаа авч байхдаа хамгийн түрүүнд аав руугаа харсан. Миний аав үзэгчдийн суудлын эхний эгнээнд сууж байсан. Харин ээж маань тайзны ард надад хувцсаа өмсөхөд минь тусалж байсан л даа.
-"Мисс Монголиа"-д оролцоход хичнээн төгрөг зарцуулсан бэ?-Ойролцоогоор сая төгрөгийн зардал гарсан. Нүүр будалт, үс засалтаа томоохон салонуудаар хийлгэнэ. Мөн зүгээр нэг тааралдсан хувцсаа өмсчихөж болохгүй л дээ.
-Аав, ээжээсээ мөнгө авахаас гадна өөрийн орлоготой юу?-Байгаа. Би цалинтай загвар өмсдөг. Сард 300-400-гаад мянган төгрөгийн цалинг Дизайнеруудын холбооноос авдаг. Энэ холбооны хангамж ч сайн байдаг. Одоо би "Шилмэл загвар"-т багшилдаг. Миний шавь нар 14-18 насны охид байгаа. Тэдэндээ маш их хайртай. Загнаж ч чаддаггүй юм.
-Өөрөө мэргэжлийн загвар өмсөгч мөн үү?-Мөн. Надад мэргэжлийн үнэмлэх байгаа. Одоо "Гоёл" наадамд оролцож амжилт гаргахыг л хүсч байна.
-Найз нөхдийн хүрээлэл хэр вэ?-Би олон найзтай. Найз нарынхаа ачаар aжлаа ч амжуулж байна.
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн франц хэлний анги гэсэн. Яагаад энэ хэлийг сонгож суралцах болов. Францаас өөр ямар хэлний мэдлэгтэй вэ?-Би Парист амьдрахыг хүсдэг. Тэгээд франц хэл гоё санагддаг учраас энэ хэлийг сонгож суралцаж байгаа. Бас англи хэлтэй.
-Монголдоо амьдрахгүй юм уу?-Амьдралгүй яахав. Зүгээр Францад байнга очиж байхыг хүсдэг.
-Энэ мөрөөдлөө биелүүлсэн үү?-Би ажлын шугамаар Хятад, Орос, Франц, Герман, Австри улсад очиж үзсэн.
-Цаашдын зорилго юу вэ?-Би онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг. Энэ сургуулиа төгсчихөөд гадаадад онгоцны үйлчлэгчийн сургуульд явах төлөвлөгөөтэй байна. Мэдээж загвар өмсөгчийнхөө ажлыг хаяхгүй.
-"Мисс Монголиа"-гийн төгсгөлийн шалгаруулалтад ямар авьяасаа үзүүлэв?-Би цэнгээнт бүжиг бүжиглэсэн. Гэхдээ энэ наадмын хамгийн их айж байсан үе нь асуулт хариултын хэсэг байлаа. Хамт оролцсон охидууд зарим нь их л сандарч байсан.
-Өөрт чинь ямар асуулт таарсан бэ. Хэрхэн хариулав?-Энэ тэмцээнд орсон зорилго юу вэ гэсэн асуулт таарсан. Би өөрийгөө нээж, олон найз нөхөдтэй болох зорилгоор энэ наадамд орсон гэж хариулсан.
-Загвар өмсөгчдийн ихэнх нь найз залуутай болох төлөвлөгөө алга гэж хариулдаг. Өөрийн чинь хувьд?-Адилхан. Одоогоор надад найз залуутай болох төлөвлөгөө байхгүй. Дунд сургуульд байхдаа хөвгүүдээс их захиа авдаг байсан л даа. Одоо захиа гэх ойлголт байхаа больсон байна. Харц унагах залуус бишгүй бий. Гэхдээ тэр бүрийг аль болох өөрөө мэдээгүй царай гаргаад өнгөрөөхийг боддог. /Инээв/
Өдрийн сонин
yu hj bnadaa?